Есдүгээр сар гарч, гадаа намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Удахгүй навчис шаргалтаж, сэрүү унана. Бас шувууд буцна. Нүүдлийн шувуудын түрүүч буцаж байгаа энэ үед шувууд яагаад нүүдэг, хаана очдог талаар сонирхуулъя. Шувуудын түрүүч буцаж байна Өдгөө хөмрөг, дууч, шатан сүүлт гэх мэтийн жижиг төрлийн шувууд түрүүчээсээ нүүдэллэж байна. Ер нь есдүгээр сарын дундуур олон зүйл шувуудын нүүдэл ихэсдэг бөгөөд хамгийн цаад тал нь аравдугаар сарын эхээр буцдаг байна. Гэхдээ шувууд эрт, орой нүүхэд тухайн жилийн цаг агаарын байдал ихээхэн нөлөөлдөг. Яагаад зарим шувууд эрт, зарим нь орой нүүдэг вэ. Энэ нь тухайн шувууны идэш хоолтой холбоотой байж болох бөгөөд намар цагт жимс, ногоо ид боловсордог учраас жимсэн идэштэй нь орой нүүдэллэдэг. Харин сэрүүн унаснаас шавьж, хорхой багасахад энэ төрлийн идэштэнгүүд эрт нүүдэг байна. Шувууны нүүдэл гэж юу вэ? Манай улсад нийтдээ 485 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Тэдний зарим нь нүүж, зарим нь суурин амьдардаг. Шувууны нүүдлийг орон зайн хувьд хол, ойр нүүдгээс шалтгаалж алс нүүдлийн зүйл шувуу, харьцангуй ойр нүүдэллэдэг зүйл шувуу гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл, үржлийн нутгаасаа өвөлжих нутаг руугаа хүрэхээр алс хол нисэхийг нүүдэл гэх бөгөөд өндрөөс нам газар руу, уулнаас тал хээр нутаг руу гэхчилэн орон зайн хувьд ойрхон нүүхийг шилжих гэдэг байна. Бүр тив алгасч нүүдэг шувууд байдаг. Тодруулбал, Сибириэс Австрали руу нүүдэллэх хэсэг байхад энүүхэн урд хөршид очоод ирдэг шувуу ч байна. Жишээ нь, Монголоос Хятад хүрэхийг алс нүүдлийн гэж хэлдэггүй байна. Шувууд яагаад дулаан орныг зорьдог вэ? Энэ шалтгааныг судлаачид одоо хүртэл нарийн судлаагүй байгаа. Гэсэн хэдий ч тодорхой таамаг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, нүүдлийн шувуудын үржлийн нутагт идэш тэжээлийн олдоц бага болсноос, мөн үржлийн нутагт цаг агаар сэрүүсч, ус хөлдөх зэргээс шалтгаалан амьдрах нөхцөл тохиромжгүй болох, зан төрх, генетикийн хувьд намар болохоор хүссэн, хүсээгүй нүүдэг байхаар зохицуулагдсан байдаг учраас шувууд дулаан орон руу нүүдэг гэсэн таамаг дэвшүүлжээ. Ер нь шувууд тодорхой нэг газар өвөлжөөд тодорхой цагт буцаад ирдэг нь Монголд төдийгүй дэлхийд судлагдсан байдаг. Зарим нэг зүйл шувуудын хувьд өмнөх жил үүрлэсэн үүрэндээ дараа жил нь буцаад ирдэг. Үүнийг тухайн нутаг усны хөгшчүүл ч баталдаг. Ийм шувуудын тоонд идлэг шонхор, хар өрөв тас, цэн тогоруу багтдаг аж. Тэд яагаад хуучин үүрэндээ ирдэг вэ гэдэг нь бас л сонин. Судлаачдын үзэж байгаагаар шувууд тодорхой нэг баримжаагаар нисдэг. Энэ баримжаагаа яаж авдаг талаар мөн л нарийн судлагдсан зүйл үгүй ч хэд хэдэн таамаг бий. Нэгдүгээрт, од, сараар баримжаалдаг, хоёрдугаарт, генетикийн хувьд удамшсан байдаг, гуравдугаарт, өндөр уулс бараадан нүүх боломжтой гэсэн таамаг гаргадаг байна. Эдгээрээс хамгийн боломжтой байх нөхцөл нь од эрхсээр баримжаалдаг нь байж болох гэнэ. Учир нь шувууд ихэвчлэн бүрэнхийгээр нүүдэллэдэг нь дээрх таамаг үнэн байж болох талтай. Шувууд тодорхой замаар нүүдэг Шувууд нүүхдээ хаа дуртай газраараа нүүгээд хүссэн газартаа оччихдоггүй юм байна. Дэлхий дээр шувууны нүүдлийн хэд хэдэн зам байдаг бөгөөд гол замуудыг дурдвал, АвстралиАзийн зам, АзиЭнэтхэгийн зам, АзиасАмерик руу чиглэсэн зам гэж байдаг. Харин Монгол орны хувьд нүүдлийн гурван зам байна гэж үздэг. Энэ нь баруун, төв, зүүн гэж хуваагддаг. Зүүн бүсийн замд Халх, Нөмрөг, Хэрлэн, Онон голын савын зүүн талын нуурууд багтдаг бол төвийн зам нь Туул, Орхон, Сэлэнгэ голын дагуу нүүдэг байна. Харин баруун бүс нутгийн нүүдлийн зам нь Их нууруудын хотгор, Увс нуур чиглэлтэй нүүдэллэдэг гэнэ. Энэ гурван үндсэн замаас ажиглахад шувууд ихэвчлэн голын хөндийн сав даган нүүдэг байна. Зарим шувуу нүүхээ больжээ Нүүдлийн гэсэн тодотголтой хэрнээ нүүлгүй өвөлждөг шувууд манай оронд нэлээд байдаг байна. Үүнд хун, ангир, алаг шунгаач зэрэг олон зүйл шувуу багтах болжээ. Тэд яагаад нүүхгүй байгаа шалтгаан нь мөн л нарийн судлагдаагүй хэрнээ судлаачдын таамаглаж байгаагаар сүүлийн жилүүдийн цаг уурын дулааралтай холбоотой гэнэ. Дулаарал манай орны зарим нуур, голд нөлөөлж өвөл задгай ус энд тэнд үүсэх болсон байна. Үүний нэг баталгаа нь Улаанбаатар хотын орчимд жил бүр 600 шахам ангир өвөлждөг нь тогтоогдсон байна. Үүнд судалгаа хийж үзэхэд тэр орчмын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус өвөл +17 хэм байдаг, захруугаа +3аас +5 хэм байдаг бөгөөд энэ нь шувуудын өвөлждөгтэй холбоотой болох нь батлагджээ. Үүнээс гадна том голын харз дагаж тухайлбал, Ховдын Чоно харайхын гол, Хар ус нуур, Хяргас нуур даган өвөлжих шувууд элбэгшжээ. Түүнчлэн идлэг шонхорыг нүүдлийн шувуу гэж үздэг атал энэ нь судалгаагаар эргэлзээтэй болсон гэнэ. Жишээ нь, тухайн жил төрсөн залуу шувуу Хятадын Хөх нуур орж өвөлждөг бол бие гүйцсэн, идэш тэжээлээ барих чадвартай идлэг шонхор эндээ өвөлждөг байна. Шувуу нүүж байгааг яаж мэддэг вэ? Манайхаас нүүсэн шувууд хаашаа очдог болохыг олж мэдэх олон арга байдаг байна. Жишээ нь хүзүү, хөлд нь бөгж зүүх, далавчинд нь тэмдэг тавих, сансрын дамжуулагч тавьснаар мэдэх боломжтой. Тухайлбал, Улз голд бөгжлөгдсөн цэн тогоруу Хятад, Японд очсоныг олж тогтоосон байна.
Monday, September 3, 2007
Subscribe to:
Posts (Atom)